Хагацал гэж энд ердөө байхгүй ээ…

Sodgerel Mandakhnaran
2 min readAug 3, 2019

Хөгжим гээч амьдралын минь нэгэн том хэсэг болоод хэдэн жил өнгөрчээ. Над шиг хөгжмийн мэдрэмжиндээ элитист нэгэнд бол сонсдог хамтлагуудаа сонгох шиг том асуудал ховор. Элитист нэгний дуртай дуучид дундаас “сураггүй” Монгол хамтлаг хараад гайхах нэгэн нь байдаг. Үе үедээ сонсоод аньсагаа чийглэчихдэг, дурсамжаа сэдрээчихдэг учраас ч тэр үү сэтгэлд нэг л дотно тэр хамтлаг бол Камертон. Ардчилсан хувьсгалын дараахнаас “мандаж” гарч ирсэн Камертон хамтлагийг Монголын хөгжмийн ертөнц дөх чухал нэгэн үзэгдэл гэдэгтэй харин маргах нэгэн үгүй биз ээ.

Миний хувьд, энэхүү хамтлагтай танилцаад нэгэнт 10-аад жилийг ардаа үджээ. Тухайн үеийнхээ боломжтой айлуудад л байдаг байсан том хар зурагтынхаа урд суучхаад Камертоны САПУ-гийн рекламнуудын дуунд ээжтэйгээ бүжиглэж байсан минь сэтгэлд минь одоо ч тодхон.

Камертон хамтлагийн учиргүй “улаан” фен нь байгаагүй ч, байгаад нь талархдаг, үе үедээ сонсчхоод байдаг юм. Саяхан уг хамтлагийн “Хайрын хот” дууг нь Youtube-ийн Recommended хэсэгт орчихсон байхаар нь сонсож үзэв… Яалтачгүй л танил аялгуу, танил хоолойнууд, танил үгсээр дүүрэн. Нэг л дотно тэрхүү дуунаас хүүхэд ахуд үнэртдэг асан эмээгийн минь банштай цай, пүнтүүзтэй хуурга, арцны нялуун үнэр, хааяадаа балгачихдаг байсан өвөөгөөсөө эмээх айдсыг минь сэдрээж, мэдрэмжийн аадар оруулав.

“Хайрын хотод намуухан тайван, хагацал гэж энд ердөө байхгүй ээ” гэсэн мөртүүд толгойд одоо ч эгшиглээстэй. Хагацлаар дүүрэн, хагацах нь зайлшгүй энэ хорвоогийн хаана нь хагацал огт байдаггүй нь сонирхолтой. Дууны хэтрүүлэг ойлгохооргүй тэнэг амьтан болохоороо биш, дууг зохиосон эрхэмд хаанаасаа тийм санаа гараад ирсэнд гайхсан учраас л одоо болтол сэтгэлдээ уячхаад тавихгүй байгаа юм. Хайрын хот гэж нууцхан газар байдаг, тэрэнд нь оччихоод ирсэн болохоор тийм санаа төрөө юм болов уу? Эсвэл…

Магадгүй хүн бүхэн л амьдралынхаа нэгэн хэсгийг (зарим хөнгөмсөг нэгэн нь ихэнх хэсгээ :P) Хайрын хотод өнгөрөөдөг байх. Хэн нэгэнд сэтгэлээсээ дурласан тэр үед л хайрын хот руу очих галт тэрэг ирдэг биз. Тэр галт тэрэг тасалбаргүй, харин хамт очих нэгнийг шаарддаг бололтой. Нэгэнт хайрын хот руу оччихсон байхад одоор бороо шаагидаг, цэцэгнээс хун шувууд нисдэг тэр газраас буцмааргүй санагдана. Буцмааргүй санагдсан болохоороо элдэв үйлдэл хийж, улам л буцах хугацаагаа түргэсгэж орхино. Хайрын хотод төвхнөөд амьдарч чаддаг хүмүүс тун ч ховор ажээ.

Хайр гээч гэхдээ хайрын хотоос өөр хотод хүчингүй юм уу гэхээр бас үгүй. Хайрын хотоосоо буцлаа гэхэд хамт аялсан нэгэнтэйгээ хагацашгүй хэвээр нь ч бий. Ингээд бодоод үзэхээр, хайрын хотод ч бай биш ч бай хайр хэмээгч нь хүчирхэг эд байгаа биз.

Ай, гэхдээ л хагацал гэгч оршдоггүй тэр хотоос явах тун хэцүү…

--

--

Sodgerel Mandakhnaran

I write. Some are sincere, some are weird. But most are good.